Уг нэвтрүүлгээр тус хөтөлбөрийн анхдагчид болж байгаа Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын дунд сургуулийн 8а ангийн сурагч Б.Даваадорж Улаанбаатар хотын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 8д ангийн сурагч Б.Мэндсайханы оронд түүний ангид суралцангаа, гэрт нь амьдарч харин Б.Мэндсайхан нь Б.Даваадоржийн оронд гэрт нь очиж Цагааннуур сумын 8 дугаар ангид нь 7 хоног суралцаж байгаа юм.
Мөн Булган аймгийн Сайхан сумын дунд сургуулийн 9а ангийн сурагч Д.Золзаяа, Улаанбаатар хотын “Хобби” сургуулийн 9б ангийн сурагч Э.Энхбилэг нар хоорондоо “солигдож” шинэ хамт олон, шинэ найз нөхөдтэй болсон байна.
Хөвсгөл, Булган аймгуудаас ирсэн Б.Даваадорж, Д.Золзаяа нар анх удаагаа Улаанбаатар хотод зочлон ирж байгаа бөгөөд өчигдөр тэд өөрсдийн шинэ ангийнхаа сурагчдын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зочлилсон юм.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, ЕТГ-ын дэд дарга Б.Нэргүй нар Сурагч солилцооны анхны “баатарууд”-ыг угтан авч Ерөнхийлөгчийн санаачилгыг бүтээлчээр хэрэгжүүлж байгаад нь талархал илэрхийлж ярилцлага өрнүүлсэн юм.